Өнгөрсөн сарууд Хөтөл сүмийн хувьд Бурханы хайр, ивээлээр дүүрэн, хэзээ ч мартагдахгүй дурсамжит цаг хугацаа болон өнгөрлөө.
Бид долоо хоног бүрийн өглөөний 10 цагт Шаббатын хичээлээ хамтдаа судалж, оройн 19 цагаас Бурханы үгийг хуваалцан, ойлгосноо эргэцүүллээ. Мөн долоо хоногийн 5 дахь өдөр магтаалын үдэш зохион байгуулж, талархалтайгаар дуу хоолойгоо өргөж байна. Магтаалын дуу бидний сэтгэлийг сэргээж, итгэлийг босгон байгуулахад гол хүчийг өгдөг билээ. Гишүүд маань бие биеэ эргэж тойрон, айлчлал хийж, хайр халамжийг бодитоор түгээсээр байна.
Бид сар бүр нэгэн сэтгэлээр нэгдэн, их цэвэрлэгээ хийж гэрэл гэгээтэй дулаахан орчныг бүрдүүлж байна.
Хөтөл сүмийнхний хувьд нэгдүгээр сар ивээл дүүрэн байлаа. Бид 10 өдрийн залбирлыг онцолж, онлайнаар нэгдэн залбирч, Бурханд зүрх сэтгэлээ нээлээ. Энэ өдрүүд үнэхээр гайхамшигтай, залбирлын хариуг мэдэрсэн, итгэл дүүрэн мөчүүд байв. Тийм учраас бие биенийхээ өмнө нүглээ улайж, бие биенийхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой. Зөвтийн залбирал үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна. (Иаков 5:16) хэмээх үг бодитоор биелж байсан юм.
Мөн энэ хугацаанд сүмийн ахуйн хэрэгцээний ажлууд хийгдэж, халуун, хүйтэн усны шугамыг шинэчлэн засварласан нь хамтын хүч байлаа.
Хоёрдугаар сард бид Цагаан сарын баярыг хамтдаа тэмдэглэн, бие биедээ тусалж, Бурханы хайрыг үйлсээрээ илэрхийлсэн дулаанхан сар өнгөрөв. “Бие биеэ хайрла” (Иохан 13:34) хэмээх тушаалыг амьдралдаа хэрэгжүүлсэн сайхан цаг байлаа.
Гуравдугаар сарыг эмэгтэйчүүдийн залбирлын сар болон өргөж, амжилттай зохион байгууллаа. Эмэгтэйчүүд маань бие биенээ болон сүмийн гишүүдийг сонгон авч, тууштай залбирч, итгэлийн холбоогоо улам бэхжүүлэв.
Бид цаашид ч нэг итгэл, нэг сэтгэлээр нэгдэн, Бурханы алдар сууг түгээх замдаа хамтдаа урагшлах болно.
Харилцаа Холбооны хэлтэс 2026.04.07


