Монголын Адвентист Чуулганы байрны В1 давхарт “Нөлөөллийн төв” шинээр үүдээ нээлээ. Тус төв нь анхан шатны суралцагсдад зориулан байгуулагдсан бөгөөд залуучууд, хүүхэд багачуудыг эрүүл амьдралын зөв дадалд уриалан дуудаж буйгаараа онцлог юм.
Энэхүү төвд бүжигт суурилсан дасгал хөдөлгөөнийг заахаас гадна ширээний теннис тоглох, зориулалтын төхөөрөмжөөр дасгал хийх боломжийг бүрдүүлжээ. Нэг дор 5–6 хүний бүрэлдэхүүнтэйгээр хамтран хичээллэх анги танхимыг тохижуулсан нь хамтын орчинд суралцах, бие биенээ дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлж байна.
Монголчууд “Хүн хөгширч биш, хөшиж үхдэг” хэмээн ярьдаг. Харин Библид ч мөн адил бие махбодоо зөв авч явахын чухлыг онцолсон байдаг. 1 Коринт 6:19-20-д: “Та нарын бие бол Бурханаас та нарт өгөгдсөн Ариун Сүнсний сүм мөн… тиймээс та нар биеэрээ Бурханыг алдаршуул” хэмээн бичигдсэн байдаг. Энэ нь бид бие махбодоо хайрлан хамгаалж, эрүүл байлгах нь зөвхөн хувь хүний төдийгүй сүнслэг үүрэг гэдгийг сануулж байна.
Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллолтыг хэвшүүлэх нь зөвхөн биеийг чийрэгжүүлэхээс гадна оюун санаа, сэтгэл зүйг ч сэргээдэг. Бурхан биднийг эрүүл саруул, баяр баясгалантай амьдраасай хэмээн хүсдэг билээ.
Нөлөөллийн төв нь энэ зорилгыг хэрэгжүүлэх нэгэн чухал орчин болж, зөв амьдралын хэв маягийг бусдад үлгэрлэн түгээх боломжийг нээж байна. Тус төвд хэдийн олон хүн хамрагдан хичээллэж эхэлсэн бөгөөд тэд дасгал хөдөлгөөн нь стрессийг бууруулж, сэтгэл санааг тайвшруулж, амьдралын чанарыг дээшлүүлдэг болохыг онцолж байна.
Үнэ төлбөрийн хувьд үйлчлүүлэгчид өөрийн цагт тохируулан сонголт хийх боломжтой. Бие даан дасгал хийх бол сард 12 удаагийн эрхийг 50,000 төгрөгөөр, багшийн удирдлага дор хичээллэх бол 80,000 төгрөгөөр авах боломжтой юм.
Бид өөрсдийгөө хайрласнаар бусдыг хайрлах чадвартай болдог. Иймээс өөрийн бие махбодид анхаарал тавьж, дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа нэг хэсэг болгох нь чухал. Энэ нь зөвхөн эрүүл мэндийг дэмжихээс гадна Бурханы өгсөн амьдралыг хүндэтгэн, Түүнийг алдаршуулах нэгэн хэлбэр юм.
Ирээдүйд энэхүү Нөлөөллийн төвөөр дамжуулан олон хүн эрүүл амьдралын хэв маягийг эзэмшиж, бие сэтгэл, оюунаа тэнцвэртэй хөгжүүлэн, Бурханы хайрыг бусдад түгээх болтугай.









