Өнөө цагийн нийгэмд хүүхэд, залуучуудын хүмүүжил, сүнслэг төлөвшил улам бүр чухал болж байна. Ирээдүйн нийгмийг бүтээх энэ үеийг хэрхэн зөв чиглүүлж, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх вэ гэдэг нь сүмийн үйлчлэлийн нэгэн чухал зорилт билээ. Энэ талаар Хүүхэд, залуучуудын хэлтсийн захирал, пастор Г.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.
Юуны өмнө Залуучуудын хэлтсийг ахлан ажиллаж байгаад нь нийт залуучуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.
-Баярлалаа.
Хүүхэд, залуучуудын хэлтсийн гол зорилго, үүрэг юу вэ? Хэрхэн ажиллахаар төлөвлөж байна.
-Манай хэлтэс дэлхийн сүм болон бүсийн хүүхэд, залуучуудын үйлчлэлийн баримталж буй бодлого, чиглэлийн дагуу ажиллахыг зорьж байна. Ингэснээр тэдний хэрэгжүүлж буй төсөл, төлөвлөгөөг Монголын хөрсөнд буулган хэрэгжүүлэх, мөн шаардлагатай дэмжлэг, тусламж авах боломж бүрдэх юм.
Тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа шалтгаан нь манай чуулганы төсөв 42 хувиар танагдсан, мөн шинэ удирдлага, шинэ бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа урагшлуулах шаардлага үүссэнтэй холбоотой. Энэ өөрчлөлт зөвхөн Монголд төдийгүй бүсийн хэмжээнд явагдаж байгаа тул өмнөх дадал, арга барилууд шинэчлэгдэж байна.
Ирэх тавдугаар сард бүсийн удирдагчид болон үйлчлэлийн ахлагч нар анх удаа биечлэн уулзаж, цаашдын хүсэл зорилго, төлөвлөгөөгөө нэгтгэхээр болсон. Тиймээс одоогоор бүх зүйл нарийн тодорхой болоогүй байгаа ч бүс болон ерөнхий чуулганы бодлого чиглэлд тулгуурлан Монголын хүүхэд, залуучуудын оролцоо, сүнслэг дархлааг бэхжүүлэхэд анхаарч ажиллах болно.
Залуу үеийг сүмд идэвхтэй оролцуулахын тулд ямар арга барилаар ажиллах вэ?
-Юуны өмнө залуучуудын үйлчлэлийн багийг бүрдүүлж байна. Үүнд: Цогтой залуус, PCM буюу оюутны үйлчлэл, Мөрч, мөн Ambassadors (16–21 насны өсвөр залуучуудын үйлчлэл) зэрэг салбар бүрийн удирдагчдыг сонгон нэг баг болгон ажиллуулахаар төлөвлөж байна.
Ингэснээр насны ангилал бүрт тохирсон, хоорондоо уялдаа холбоотой үйлчлэлүүдийг залуучуудын хүсэл сонирхол, авьяас чадварт нь тулгуурлан зохион байгуулах боломж бүрдэнэ. Авьяастай, чадварлаг залуучууд олон байдаг ч тэдэнд сүмийн хүрээнд тэр авьяасаа ашиглан үйлчлэх боломжийг илүү нээж өгөх шаардлагатай гэж үзэж байна.
Цаашид хүүхдүүдэд зориулсан сургалт, хичээл, арга хэмжээг хэрхэн зохион байгуулах вэ?
-Одоогоор өмнөх хүүхдийн үйлчлэлийн удирдагчийн төлөвлөсөн “Хүүхдийн Библийн АХА тэмцээн” төлөвлөгдсөн байгаа. Энэ нь хүүхдүүдэд зориулсан сонирхолтой, мартагдашгүй сургалт болно гэж бодож байна.
Мөн Мөрчийн үйлчлэлийн хүрээнд сургалтын төвүүдийг чуулганы бодлогын дагуу үе шаттайгаар бий болгох боломжтой гэж харж байна. Үүний хүрээнд сүм бүрийг боловсролын төв болгон хөгжүүлэх зорилгоор сүмүүдийн хүүхдийн болон мөрчийн багш нартай хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Залуу үеийн сүнслэг хөгжилд хэрхэн анхаарч байна вэ?
Тун удахгүй буюу гуравдугаар сарын 21-нд GYD буюу Дэлхийн Залуучуудын Өдөр зохион байгуулагдана. Энэ арга хэмжээний үеэр залуучуудын дунд нээлттэй хэлэлцүүлэг, форум зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
Үүний дараагаар залбирлын 7 хоног эхлэх учраас бид залуучуудтайгаа илүү ойр ажиллаж, тэдний хүсэл сонирхол, үзэл бодлыг сонсон, цаашдын үйл ажиллагааг хамтдаа төлөвлөхөөр бэлтгэл ажилдаа ороод байна.
Дэлхийн өнцөг булан бүрт залуучууд нэгдэж, хайрыг үйлсээрээ харуулдаг GYD буюу “Дэлхийн Залуучуудын Өдөр” айсуй. Та ч мөн хоцролгүй сайн үйлсэд нэгдэж, бусдад гэрэл түгээгээрэй гэж хэлмээр байна.
Энэ үйл ажиллагааны хүрээнд бид 6 хоногийн хугацаанд хамтдаа залбирч, нөхөрлөж, олон нийтэд чиглэсэн сайн үйлсийн аянд нэгдэхээр төлөвлөөд байна.
Хэрэв энэ үйл ажиллагаанд залуучууд та бүхэн нэгдэхийг хүсвэл дараах линк рүү нэвтрэн бүртгүүлж идэвхтэй оролцоорой. Хамтдаа нэгдэн хайрыг үйлсээрээ харуулцгаая.
Энэ бол зүгээр нэг арга хэмжээ биш, харин залуу зүрх бүрт итгэл, хайр, найдварын оч асаах цаг юм. Бид хамтдаа залбирч, хамтдаа үйлчилж, хамтдаа гэрэл түгээхдээ олон хүний амьдралд сайн сайхны мөр үлдээх учиртай. Учир нь залуу зүрх бүрт дэлхийг өөрчлөх гэрэл нуугдаж байдаг гэж боддог.
Баярлалаа. Төлөвлөж байгаа ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. Та бүхний үйлчлэлийг Бурхан ивээх болтугай.
Харилцаа Холбооны хэлтэс 2026.03.17.

