“Итгэл ба залбирал” Олон улсын залбирлын нэгдсэн онцгой шаббатын арга хэмжээ Улаанбаатар төв сүмийн байранд 3-р сарын 7-нд болж өнгөрлөө.
Шаббатын арга хэмжээг нээн Гэр бүл, эмэгтэйчүүдийн хэлтсийн захирал Ц.Отгонтуяа үг хэлж, хамтдаа залбирлаа. Тэрээр “Сүмийн нийт ирц буюу 70-80 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. МАЧ-наас зохион байгуулж байгаа бүхий үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, цаг заваа зориулан дэмждэг нийт итгэгч бүсгүйчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийллээ. “Бурханы амар тайван, хүч чадал, хайр энэрэл, мэргэн удирдамж биднийг үргэлж чиглүүлж байг” хэмээн хамтдаа залбирсан юм.
Иммануэль сүмийн гишүүн С.Баянжаргал Библийн Матай номын 9:20–22 ишлэлийг хуваалцсан бөгөөд 12 жилийн турш цус алдсан эмэгтэйн түүхийг эш татан өөрийн амьдралын гэрчлэлээ хуваалцсан юм. Тэрээр дунд насанд эмэгтэйчүүдийн бие махбод болон сэтгэлзүйд олон өөрчлөлт гардаг тухай ярьж, өөрт нь тохиолдсон сорилт бэрхшээлээ Бурханд итгэж, залбирлын хүчээр даван туулсан гайхамшигт эдгэрлийн туршлагаа хуваалцсан юм. Итгэл, залбирал хүнийг хэрхэн хүчирхэгжүүлж, найдварыг бататган улам хүчирхэгжүүлдэг болохыг онцлоод “Эрүүл мэнддээ анхаарч, Шинэ гараа эрүүл мэндийн зарчмуудыг хэрэгжүүлэн, Бурхантай илүү ойр харилцаатай байгаарай” хэмээн хуваалсан юм.
Бяцхан хүүхдүүддээ Тусгал сургуулийн багш Э.Энхчимэг Эстерийн амьдралыг хуваалцан, Бурханд итгэх итгэл, залбирал, мэргэн ухааны хүчээр ард түмнээ хамгаалсан түүхийг хуваалсан сонирхолтой мөч байлаа.
Энэ өдрийн Библийн үнэ цэнэтэй ишлэл болох Сургаалт үгс 31:30 дахь “Дур булаам байдал хуурамч, гоо үзэсгэлэн ч хоосон, харин ЭЗЭНээс эмээгч эмэгтэй л магтаал хүртэнэ” хэмээх ишлэлийг онцлон санууллаа.
Гэйтвэй олон улсын байгууллагын тэргүүн Жуанне Ким энэ өдрийг улам илүү чимэг болгон сургааль номлол айлдаж, Библи болон түүхэнд нэр нь үлдсэн итгэлтэй эмэгтэйчүүдийн жишээг онцлон хуваалцлаа. Тэрээр Хуучин Гэрээний зөнч Хулда, Шинэ Гэрээний итгэгч эмэгтэй Лидия, мөн сайн мэдээний төлөө бүхнээ зориулсан Глэдис Айлвард нарын амьдрал, итгэлийн замналыг дурдан, Бурханд үнэнч байх итгэл ямар их нөлөө үзүүлдгийг тайлбарлав.
Эдгээр эмэгтэйчүүдийн амьдралд нийтлэг нэгэн үнэт зүйлийг Жуанне Ким онцоллоо. Бурханд итгэх бат итгэл, өөрт буй бүхнээ зориулах зүрх сэтгэл хичнээн агуу болохыг энэ эмэгтэйчүүдээр дамжуулсан нь онцгой мөч байв. Тэрээр номлолынхоо төгсгөлд “Та хэн ч байсан хамаагүй, Бурхан таныг дуудсаар байдаг. Гадаад төрх бус, харин ИТГЭЛТЭЙ байдал л ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ. Бид дэлхийн төгсгөлийн цаг үед амьдарч буй энэ үед Лидия, Хулда, Глэдис нарын адил итгэлдээ бат зогсож, Бурханы сайн мэдээг зоригтой тунхаглагчид байцгаая” хэмээн уриаллаа.
Ийнхүү Олон улсын эмэгтэйчүүдийн онцгой шаббатын цугларалт итгэл, залбирал, урам зориг дүүрэн уур амьсгал дор өндөрлөж, Бурханы сайн мэдээг амьдралдаа гэрчилж, итгэлээрээ гэрэлтэн амьдрах боломж хүн бүхэнд нээлттэй байдгийг ОНЦОЛСОН мөч байлаа.
Та бүхний Амьдралын бүх талбар дээр Бурхан хамт байх болтугай.
Харилцаа Холбооны хэлтэс 2026.03.10








