Өнгөрсөн 2-р сард Булган сүмийнхэн ахмад настнуудаа хүндэтгэн дээдэлж, тэдэнд хайр халамж түгээсэн онцгой сар байлаа.
Учир нь Библид “Буурал толгой алдрын титэм, Зөвт байдлын зам дээр үүнийг олно” (Сургаалт үгс 16:31) хэмээн өгүүлсэн байдаг.
“Ахмад буурлаа тэтгэе – Хайр түгээе” хөтөлбөрийн хүрээнд сүмийн гишүүд баяр хөөртэйгөөр хандивын аянд нэгдэж, өгөхийн баяр баяслыг мэдэрсэн ивээлтэй өдрүүдийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Библид “Авахаасаа өгөх нь ерөөлтэй” (Үйлс 20:35) хэмээн хэлсэнчлэн гишүүд маань өгөөмөр сэтгэлээр нэгдсэн юм.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон ахмад настны гэрээр айлчилж, халамж үйлчилгээ үзүүлэн тэднийг дэмжих ажлыг үргэлжлүүлэн зохион байгууллаа. Мөн сүмийн хоёр ахмад айлд бууз хийх ажилд нь хамтран оролцож, туслан үйлчилсэн нь гишүүдийн эв нэгдэл, хайр халамжийг улам батжуулсан сайхан үйл явдал болсон юм.
Сар шинийн баярын үеэр буурлуудаа хүндэтгэн Шаббат цуглааны дараа золголт зохион байгуулж, ахмадуудтайгаа ивээлээ хуваалцан баярт мөчүүдийг хамтдаа өнгөрүүллээ.
2-р сарын 14-ний Шаббат өдөр сүмийн гишүүд өөрсдөд нь өгөгдсөн гурван сайн зан чанараа бичиж, Бурханд талархан магтсан бол мөн өөрчлөх шаардлагатай гурван сул тал, зан чанараа тэмдэглэн, жилийн турш залбирч өөрчлөгдөхөөр шийдвэр гаргасан нь сүнслэг өсөлт, өөрийгөө эргэцүүлэх ивээлтэй цаг болсон.
Сүм дээрх Библи судлалын цагууд идэвхтэй үргэлжилж, гишүүд Бурханы үгийг хамтдаа судлан суралцсаар байна.
Мөн Шаббат бүр хүүхдүүдийн дунд Библийн эшлэл цээжлэх челленж зохион байгуулж байгаа бөгөөд хүүхдүүд идэвхтэй оролцож байна. “Хүүхдийг явах ёстой замд нь сурга, тэгвэл тэр хөгширсөн ч түүнээсээ гажихгүй” (Сургаалт үгс 22:6) гэсэн Библийн үгийг хэрэгжүүлэхийг зорьж байна.
Түүнчлэн Шаббат хичээлийн номын агуулгыг сүмийн гишүүдэд уншиж хүргэхийн зэрэгцээ сүмийн группт тогтмол байршуулж, хамтдаа судлах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Залбирлын сарын аяны хүрээнд гишүүд нэг санаатайгаар залбиралд нэгдэж, мөн тусгай хандив цуглуулан сүмд хэрэгцээтэй зүйлсийг шинэчилж чадлаа
Ийнхүү 2-р сар Булган сүмийн хувьд ахмад настнуудаа хайрлан хүндэтгэх, бие биедээ тусалж үйлчлэх, Бурханы үгийг судлан сүнслэгээр өсөх ивээл дүүрэн сар болж өнгөрлөө.
Харилцаа Холбооны хэлтэс 2026.03.09




