ИТГЭЛ, ҮЙЛС, АДИСЛАЛААР ДҮҮРЭН ӨДРҮҮД

ИТГЭЛ, ҮЙЛС, АДИСЛАЛААР ДҮҮРЭН ӨДРҮҮД

2026-02-05 08:07:54
Үйл ажиллагаа

2025 оны намрын налгар өдрүүдэд бидний хэсэг нөхөд сэтгэл нэгдэн, нэгэн зорилгод хөтлөгдөн Архангай аймгийн Цэцэрлэг сумыг зорилоо. Сумын Засаг даргын урилгаар, иргэдэд эрүүл зан үйлийг сурталчлан таниулах хүсэлтийн дагуу бид зөвхөн сургалт явуулахаас гадна, итгэл найдварын гэрлийг түгээх шийдвэрийг хамтдаа гаргасан юм.

2025 оны 9-р сарын 6–10-ны өдрүүдэд бид иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, дасгал хөдөлгөөний ач тус, зөв амьдралын хэв маягийн үнэ цэнийг таниуллаа. Энэ үеэр суманд Малчдын зөвлөгөөн таарч, олон зуун хүн цугларсан нь бидэнд илүү олон зүрх сэтгэлд хүрэх боломжийг нээж өгсөн юм. Бид зөвхөн мэдлэг хуваалцаад зогсохгүй, Бурханы ивээл хайр, амар амгаланг ч мөн хамт түгээж байлаа.

Өсвөр үеийнхэнд АДРА Олон улсын байгууллагын "NextGen Celebrations" төслийн менежер Б.Оргилзул, Хүүхдийг ивээх сангийн зөвлөх У.Пагма нар хамтран 6–9-р ангийн сурагчдад зориулсан “My Friend” сургалтыг зохион байгууллаа. Жинхэнэ нөхөрлөлийн үнэ цэнэ, хорт зуршлаас ангид байх, Халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг орсон нь хүүхдүүдийн ирээдүйн замд гэрэл асаасан үйлс болов.

Тус багийн гишүүн Хирошима их сургуулийн судлаач, Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор C.Цэцэгээ малчин эрчүүдэд эрүүл мэндийн сургалт тэр дундаа түрүү булчирхайн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт орсон ба ойролцоогоор 200 гаруй иргэнд амьдралд ойр, хэрэгцээт мэдээллийг хүргэсэн юм.

Сургалтын дараа "Хөдөлгөөн бол амьдрал" гэдгийг ойлгуулан мэдрүүлэхээр С.Баярмаа сумын Соёлын төвд нийтийн цэнгээнт бүжгийн сургалтыг зохион байгууллаа. Бид бүжгийн хэмнэлээр дамжуулж хүмүүст баяр баяслыг бэлэглэхийг зорьсон юм. Гурван өдрийн турш үдэш бүр 19:00 цагаас нийтийн бүжгийн цэнгүүнийг зохион байгуулж, сумын төвийг инээд хөөр, хөг аялгуугаар дүүргэлээ.  Бүжгийн үйл ажиллагааг хотоос ирсэн хөгжимчин Ч.Ганхуяг, эрэгтэй бүжиг зааж чиглүүлсэн Р.Цогтбаяр, мөн Б.Оргилзулын хань Б.Батболдын хамтаар амжилттай зохион байгуулж, иргэдийн нүүрэнд баярын гэрэл тодруулсан юм.

Бидний аялал зөвхөн сургалтаар хязгаарлагдсангүй. Замд тааралдсан хүн бүртэй Бурханы хайрыг хуваалцаж, залбирч, сэтгэлийн дэм өгсөөр явсан нь энэ өдрүүдийг илүү утга учиртай болгосон юм. Ч.Ганхуяг, Р.Цогтбаяр, У.Пагма нартайгаа итгэл, залбирлаар нэгдэн алхсан тэр мөч бүр тэдний хувьд адислал болон үлджээ.

ИТГЭЛ, ҮЙЛС, АДИСЛАЛААР ДҮҮРЭН ӨДРҮҮДИТГЭЛ, ҮЙЛС, АДИСЛАЛААР ДҮҮРЭН ӨДРҮҮДИТГЭЛ, ҮЙЛС, АДИСЛАЛААР ДҮҮРЭН ӨДРҮҮД