Энэ жилээс Баянхайр сүм сар бүрийн сүүлийн Шаббат өдрийг “Баярын мэдээний Шаббат” болгон тэмдэглэх зорилт тавьжээ. Энэхүү зорилгын хүрээнд 2026 оны 1 сарын 31-нд анхны Баярын мэдээний Шаббатаа амжилттай зохион байгууллаа.
Сүмийн хөтөлбөр өмнөхөөсөө ялгаатай, шинэчлэгдсэн байдлаар явагдаж, шинэ хүмүүст ойлгомжтой, сонирхол татам болжээ. Гишүүд ойр дотны найз нөхөд, ах дүүсээ дагуулж ирснээр 7–8 шинэ хүн цуглаанд хамрагдсан нь сүмийн уур амьсгалд шинэ амьдрал, урам зориг нэмсэн юм. Номлол, магтан дуу бүхэн Баярын мэдээний уур амьсгалд нийцүүлэн бэлтгэгдсэн байлаа.
Цуглааны дараа усан баталгааны ёслол болж, Ангелос оюутан миссионер сургалтын төвийн оюутан Балжинням Их Эзэнийг дагахаар шийдвэр гаргав. Энэ үеэр санаанд ч оромгүй нэг үйл явдал болсон нь Эзэн Бурханы дуудлагаар сүмд яваад удаагүй ч эртнээс Их Эзэнийг мэддэг болсон Эрдэнэбаяр усан баталгаа хүртэж, хамтдаа Их Эзэний хаанчлалд нэгдсэн явдал байлаа.
Сүмийн үйлчлэлийн баг болон нийт гишүүд энэ гайхалтай хамтын үйлчлэлд нэгдсэнээр Хаанчлалын сайн мэдээг түгээх, олон хүнийг Эзэн Бурханд хөтлөх үйлсээ амжилттай хэрэгжүүллээ.
Энэ жил Баянхайр сүмийн зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр чиглүүлэн ажиллахаар болсон байна. Сүмийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах энэхүү зөвлөлд:
Сайн дурын ахлагч – Х. Гандолгор
Эрэгтэй туслах – О. Даш
Хүүхдийн багш – С. Ганцэцэг
Шаббат зохион байгуулагч – Т. Шүрэнцэцэг
Санхүүч – З. Нарангарав
Нарийн бичиг – М. Мөнгөнжигүүр
Ахмадын ахлагч – С. Шийтэр
Залуучуудын ахлагч – О. Сувд-Эрдэнэ
Сүмийн пастор – Э. Цолмонбаяр
Тэд бүгд өөрсдийн үүрэг, хариуцлагад үнэнчээр зүтгэж, сүмийн үйлчлэлийг Бурханд таатай, нэгдсэн зорилгоор удирдан чиглүүлнэ.
Та бүхний үйлчлэл Бурханд таатай, анхилуун үнэртэй өргөгдөх болтугай!
Харилцаа Холбооны Хэлтэс 2026 он


