“Эцэст нь бүгд эв найртай, энэрэнгүй, ахан дүүсэг эелдэг бөгөөд даруу байцгаа. Ерөөлийг өвлөхөөр дуудагдсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн. /1 Петр 3:8–9/ Энэхүү үгийн дагуу Булган сүмийн ахан дүүсийн хайр, эв нэгдэл, бие биеэ халамжлахыг эрхэмлэн, үйлчлэл нь тогтмол, идэвхтэй, үр өгөөжтэйгээр явагдаж байна.
Булган сүмийн итгэлийн ахан дүүс Шаббат өдрийн хүндэтгэлийн цуглааны өмнө нэг гишүүндээ талархал илэрхийлж, хамтдаа залбирдаг цагийг тогтмолжуулсан нь гайхалтай үйлчлэл болж байна. Энэ нь гишүүдийн харилцаа, нөхөрлөлийг бэхжүүлж, сүнслэг нэгдлийг улам гүнзгийрүүлсэн ерөөлтэй алхам боллоо. Тус сүмийн Зөвлөлийн бүрэлдэхүүнд Амаржаргал, Нэргүй, Бийраа, Эрхэмбаяр, Соёлмаа, Алтанцэцэг, Байгалмаа, Мөнхжаргал тус тус сонгогдон Эзэнд үйлчлэхээр томилогджээ.
Харин хариуцсан үйлчлэлийн бүрэлдэхүүнд :
Шаббат зохион байгуулагч – Нэргүй
Санхүүч – Байгалмаа
Эмэгтэйчүүдийн ахлагч – Мөнхжаргал
Хүүхдийн багш – Гантигмаа нар сонгогдон өөрсдийн үүрэг, хариуцлагад үнэнчээр зүтгэж, Бурханы ажлыг чин сэтгэлээсээ дэмжин ажиллаж байна.
1-р сард тус сүмийн ахан дүүс 10 өдрийн залбирал зохион байгуулж, Шаббат хичээлийн номыг пэйж болон группт тогтмол уншиж, хуваалцжээ. Тэд 7 хоног бүрийн 2 дахь өдөр Библи судлалаа хийн, 3 дахь өдөр Хүүхдийн цуглааныг тогтмолжуулан, 4 дахь өдөр Сүмийн цэвэрлэгээ үйлчилгээнд илүүтэй анхаарч байна.
Мөн долоо хоног бүр хоёр айлд айлчлал хийж, гишүүдийн холбоо, халамж, нөхөрлөлийг бэхжүүлснээр Эзэний хайр бидний дунд үргэлж оршиж, хамт байгааг бодитоор мэдрүүлж байна.
1-р сард 2 шинэ хүн сүмд нэгдэж, шинэ гишүүний анги үргэлжлэн хичээллэж байна. Гишүүд бие биедээ туслан бууз хийж, сар шинийн бэлтгэлээ хамтдаа базаан, харилцан зочилж нөхөрлөснөөр сүмийн уур амьсгал улам дулаан, хайр дүүрэн болж байна.
Хүйтний улиралд сүмийн барилгад тодорхой гэмтэл гарсан ч гишүүд нэг санаа, нэг зүрх сэтгэлээр нэгдэн, өөрсдийн хөрөнгө хүчээр засвар хийж, сүмийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлсэн нь ахан дүүсийн жинхэнэ хайр, хамтын ажиллагааны илэрхийлэл байлаа.
МАЧ-аас өгсөн будааг гишүүн бүрт тарааж, айлчлалын үеэр хэрэгцээтэй айлуудад бүрэн хүргэлээ.
Номлол, Их цэвэрлэгээ, Шаббат өдрийн хоолны хуваариудыг гарган нэгдсэн зохион байгуулалтад орж, гишүүд өөрсдөө бэлтгэн үйлчилснээр идэвх оролцоо нэмэгдэж, үйл ажиллагаа илүү үр өгөөжтэй болж байна.
Эзэн Бурханы ивээл дор бид ахан дүүсийн нэгдэл, хайрыг эрхэмлэн, цаашид ч итгэл дүүрэн үйлчлэхийг зорьж байна.
Харилцаа Холбооны Хэлтэс 2026 он




