Улаанбаатар төв сүм нь жил бүр уламжлал болгон Цагаан сарын өмнө хороо, дүүргийнхээ иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. Энэ жилийн хувьд сүмийн гишүүдийн зөвлөлөөс шийдвэрлэн ахмадын асрамжийн газарт очиж, бодитой үйлчлэл үзүүлэхээр болсон байна.
Тус үйлчлэлийн хүрээнд хувь хүний үүсгэн байгуулсан “Жаргалант эдлэн” ахмадын сувиллыг сонгон авч, асрамжид байгаа ахмад настнуудад нэг удаагийн ахуйн хэрэглэл болон өдөр тутмын хэрэгцээт зүйлсээр тусламж хүргэжээ. Асарч тойлох хүнгүй, хэвтрийн байдалтай 30 гаруй ахмадуудад хүрч үйлчилсэн бөгөөд энэхүү тусламж нь нэг удаагийн арга хэмжээ бус, цаашид тогтмол эргэх холбоотой хамтын ажиллагаа байхаар төлөвлөж байна.

Библид : Бидний Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр ариун бөгөөд бузартаагүй сүсэглэл бол зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэж тойрон, өөрийгөө хамгаалан дэлхийгээс бохирдохгүй байх нь ажгуу. (Иаков 1:27) хэмээн өгүүлсэн байдаг. Улаанбаатар төв сүмийн гишүүд бусдын төлөө чин сэтгэлээсээ үйлчлэх нь жинхэнэ итгэлийн илэрхийлэл хэмээн үзэж, энэхүү ажлыг зохион байгууллаа.
Энэ удаагийн арга хэмжээнд сүмийн 16 гишүүн оролцож, нийт 1,500,000 гаруй төгрөгийн тусламжийг хэрэгцээт хүмүүст нь хүрч үйлчилсэн байна.

Та бүхэн Улаанбаатар төв сүмд зочлохыг хүсвэл Хуульчдын ордны 3 давхар, 307 тоотод хүрэлцэн очоорой. Улаанбаатар төв сүмийн дотоод зохион байгуулалтыг танилцуулья.
Пастор – Г.Батзул
Ахлагч – Б.Батболд
Санхүүч – Н.Дан-Одсүрэн
Шаббат зохион байгуулагч – Налжирмаа
Хүүхдийн үйлчлэлийн ахлагч – Д.Пүрэвдулам
Магтан дууны ахлагч, Мөрчийн багш – Б.Уянга
Эмэгтэй туслах – Б.Тунгалаг
Залуусын ахлагч – Б.Энхмандах нар хоёр жилээр сонгогдон ажиллаж байна. Та бүхний үйлчлэлд Эзэний бялхам дүүрэн ивээл тасралтгүй орших болтугай.




