“Мөрч”хөгжилтэй аялагч клубын үйл ажиллагаа нь хичээлийн жилийн хуваарьтай уялдан эхэлж, жил бүрийн тавдугаар сард өндөрлөдөг.
2026 оны хичээлийн жилд Маранта, Хан-Уул, УБ төв сүмүүд хамтран хөтөлбөрүүдээ боловсруулж, хүүхэд багачуудын бие бялдар, оюун ухаан, сүнслэг төлөвшлийг цогцоор нь хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлэхээр боллоо.
“Мөрч” хөгжилтэй аялагч клубын хөтөлбөрт 6-16 насны хүүхдүүд хамрагддаг бөгөөд одоогоор сургалтад идэвхтэй хамрагдаж буй 50 гаруй хүүхэд, 8 мастер гайд багш нар чин сэтгэлээсээ чиглүүлэн ажиллаж байна.
Энэхүү үйл ажиллагаа нь хүүхдүүдийг зөвхөн мэдлэгтэй болгохоос гадна зөв хүн болгон төлөвшүүлэхэд чиглэдэг.“Хүүхдийг явах ёстой замаар нь сурга. Тэр хөгширсөн ч түүнээсээ хазайхгүй.” (Сургаалт үгс 22:6)

“Мөрч” хөгжилтэй аялагч клубын үйл ажиллагаа жил бүр өөр өөр чиглэлийн сургалтуудаар зохион байгуулагддаг бөгөөд хүүхдүүдэд амьдралд хэрэгтэй бодит ур чадвар олгоход түлхүү анхаардаг. Хөтөлбөрийн хүрээнд эзэмшвэл зохих хичээлүүдийг бүрэн судалж, тодорхой мэдлэг, чадвар, дадлыг амжилттай эзэмшсэнийг баталгаажуулан “онор” буюу ур чадварын тэмдэгт олгодог.
Энэхүү тэмдэгт нь хүүхдүүдийг шинэ зүйлд суралцах урам зоригтой болгох, хариуцлага хүлээж сурах, тэсвэр тэвчээртэй байж, өөртөө итгэх итгэлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой.
Хичээлүүд нь энгийн, дунд, ахисан шат гэсэн ангиллаар явагддаг бөгөөд хүүхдүүд онор тэмдэгтээс гадна ур чадварын одоор урамшуулагддаг нь тэдний ахиц дэвшлийг бодитоор илэрхийлдэг.

1 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Мөрчийн майхантай кэмп” арга хэмжээг амжилттай зохион байгуулж, уг арга хэмжээнд 16 мөрч, өсвөрийн удирдагч 6, мөн 8 мастер гайд багш хамрагдан сургалтуудыг явуулсан байна. Тус арга хэмжээний хүрээнд Христийн итгэлд суурилсан жүжигчилсэн хичээл, эко саван хийх, талх барих, өглөөний цай бэлтгэх, мөн хананд авирах зэрэг сургалтуудыг заасан бөгөөд бүх хичээлүүд онол, практик хосолсон арга барилаар явагдсан юм. “Итгэлгүйгээр Бурханд таалагдах боломжгүй.” (Еврей 11:6)

“Мөрч”хөгжилтэй аялагч клубын үйл ажиллагаанд хамрагдсанаар хүүхдүүд ёс суртахуун, санхүүгийн суурь чадваруудыг эзэмшихээс гадна амьдралд бэлтгэгдэх олон талын ур чадварыг суралцаж байна. Хичээлийг зөвхөн заагаад өнгөрөх бус, хүүхдүүдийг өөрсдөөр нь хийлгэн дадлагажуулж, биечлэн эзэмшүүлэхэд онцгой анхаардаг нь уг хөтөлбөрийн онцлог юм.
Итгэгч гэр бүлийн хүүхдүүдээс гадна сүмээсээ холдсон гэр бүлийн хүүхдүүд ч хамрагдаж, гэр бүл, нийгэмдээ гэрэл ба давс болон түүчээлж байна.“Та нар бол дэлхийн гэрэл… та нар бол газрын давс.”(Матай 5:13–14)


