ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТӨВ ДАЛАНЗАДГАД ХОТОД ЕСҮС ХРИСТИЙН ХААНЧЛАЛ ДЭЛГЭРЭХ ТААТАЙ НӨХЦӨЛ, БОЛОМЖ БҮРДЛЭЭ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТӨВ ДАЛАНЗАДГАД ХОТОД ЕСҮС ХРИСТИЙН ХААНЧЛАЛ ДЭЛГЭРЭХ ТААТАЙ НӨХЦӨЛ, БОЛОМЖ БҮРДЛЭЭ

2026-01-07 12:02:15
Үйл ажиллагаа

Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод Пастор Б.Оюунтуяа, Пастор Б.Алтанбаатар, баярт мэдээ түгээгч Н.Амгалан нарын хамтын зүтгэлээр сүмийн үйл ажиллагааг өргөжүүлэх, миссионерийн ажлыг гүнзгийрүүлэх, нийгэмд чиглэсэн сургалт, уулзалтуудыг бодит үр дүнтэйгээр зохион байгуулсан юм.

Айлчлалын хүрээнд Аймгийн Онцгой байдлын газар, Өмнөговь аймгийн Дулаан хангамжийн газар,  Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Аймгийн Татварын албанд тус тус сургалт зохион байгуулж, нийт 314  иргэн, албан хаагчийг хамруулсан бөгөөд тэдгээр хүмүүсээс 109 хүн гэр бүлийн болон хүүхэд хүмүүжлийн, эрүүл мэндийн чиглэлээр үргэлжлүүлэн сургалтанд хамрагдахаар шийдвэр гарган бүртгүүлсэн байна. Ийнхүү Пастор Б.Алтанбаатар болон гэргий Б.Болортуяа нар сургалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулж ажиллахаар боллоо. Мөн 3 айлд айлчлал хийж, сүнслэг уулзалт, ярилцлага зохион байгуулсан юм.

Мөн АМОС ТББ-ын сургагч багш Пастор Б.Оюунтуяа Политехникийн коллежийн 100 гаруй оюутан залууст “Гэр бүлээ ухаалгаар төлөвлөх нь” сэдвээр сургалт явуулж, ирээдүйн амьдралын бат бөх суурийг хэрхэн тавих талаар чин сэтгэлийн яриа өрнүүлэв. Энэхүү уулзалт, сургалтад хамрагдсан залуусын олонх нь үргэлжлүүлэн суралцаж, хөгжих хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн нь итгэл найдварын гэрэл асаасан үйл явдал байлаа.

Пастор Б.Алтанбаатар Өмнөговь аймагт миссионерийн үүрэг гүйцэтгэж, англи хэлний багшаар ажиллаж буй Оюундарь болон итгэлээ сахин амьдарч буй адвентист сүмийн итгэгч Ариунтуяа нартай уулзан, ирээдүйн үйлчлэлийн зам мөр, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцсон байна.

Эзэний ерөөлөөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод сүмийн үйл ажиллагаа цаашид тогтвортой өргөжин тэлж, Есүс Христийн хаанчлал дэлгэрэх таатай нөхцөл, боломж бүрдэж байна.

Мэдээ бэлтгэсэн : Ц.Хишигжаргал

Харилцаа Холбооны хэлтэс 2026 он