Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Харилцаа холбооны хэлтсийн урилгыг хүлээн авсанд баярлалаа.
- Юуны өмнө Монголын Адвентист Чуулганы Нарийн бичгийн даргаар итгэл хүлээн сонгогдсонд тань чин сэтгэлийн баяр хүргэе. Манай чуулганы гишүүд, тэр дундаа шинээр нэгдсэн итгэгчдэд таныг илүү дотноор танин мэдэх боломж олгохын тулд өөрийгөө товчхон танилцуулна уу ?
М.Нямсүрэн : Намайг М.Нямсүрэн гэдэг. Эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг. 1995 оноос сүмийн цуглаанд ирж очин явсаар, 1997 оноос тасралтгүй, тууштай явж эхэлсэн. 1999 онд гишүүн болох шийдвэр гаргаж, тухайн оны 12 сард усан баталгааны ёслолоор сүмийн гишүүн болсон. 2001 оноос Монголын Адвентист Чуулганы цуглааныг ахлан ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үйлчилсээр явна.
- 2026 онд ажиллах гол онцлох чиглэл тань юу байх вэ?
М.Нямсүрэн: Миний томилогдсон ажлын хүрээнд Монголын Адвентист Чуулганы дүрэм, журам, статистик үзүүлэлтүүд буюу гишүүнчлэлийн тоо, цуглааны статус, ирцийн мэдээлэл, дэлхийн бусад оронд буй Долоо дахь өдрийн Адвентист сүмийн үйл ажиллагаа, мөн Монголын Адвентист Чуулганы итгэгчдийн Библийн болон үзэл баримтлалын мэдлэг, сүмийн болон хувийн үйлчлэлд оролцох идэвх, авралын баярт мэдээг амьдралдаа хэрэгжүүлж бусдад хуваалцах зэрэг асуудалд анхаарах үүрэгтэй. Эдгээрийг хэмжиж болох, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлж, дүгнэх нь 2026 оны гол онцлох чиглэл байх болно.
- Нийт сүмүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа, бодлого, төлөвлөгөөнүүдийг цаашид хэрхэн хэрэгжүүлэхээр зорьж байна вэ?
М.Нямсүрэн: Сүмүүд рүү чиглэсэн ажлууд нь бодлого, дүрмийн хэрэгжилтийг хангах, явцыг дүгнэх, шаардлагатай арга хэмжээг авч, зорьсон үр дүндээ үзэл баримтлал, үнэт зүйлсийнхээ дагуу зөв арга барилаар хүрэхэд чиглэнэ гэж үзэж байна.
- Шаббат сургууль, хувийн үйлчлэл, миссион ажлын уялдаа цаашид хэрхэн явагдахаар төлөвлөж байна вэ?
М.Нямсүрэн: Монголын Адвентист Чуулганы Шаббат сургууль нь сүмд ирж буй бүх насны хүмүүст Библийн мэдлэг олгох, итгэл үнэмшлийн дадал хэвшүүлэх, баярт мэдээ хуваалцах үйлчлэлд оролцох боломж олгодог чухал үйл ажиллагаа юм. Үүний гүйцэтгэлийг сүм, цуглаан бүр үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд Шаббат хичээлийн материалыг хүртээмжтэй байлгах, сүмийн үйл ажиллагаа Шаббат сургуулийн зорилгыг дэмжих, үнэлэх, ахиц сайжруулалтыг бодитой хэрэгжүүлэх нь чухал гэж харж байна.
Миссион гэдэг нь Адвентист Миссион буюу миний хавсран гүйцэтгэх үүргийн нэг юм. Адвентист Миссион нь баярт мэдээ хүрээгүй газарт цуглаан шинээр үүсгэж, улмаар бие даасан сүм болгох зорилготой төсөл боловсруулж, санхүүжилт босгон хэрэгжүүлэх ажил юм. Монгол хүн хаана байна, монгол хэлээр баярт мэдээг түгээх боломж хаана байна, тэр бүрд цуглаан үүсгэж, сүм бие болгох зорилго тавин ажиллахыг хүсэж байна.
- Энэхүү төлөвлөлтөөс итгэгчид ямар бодит үр дүн хүлээж болох вэ?
М.Нямсүрэн: Сүмийн гишүүд, итгэгчид маань өөрийн итгэл үнэмшилд төлөвших мэдлэг, дадал, боломжийг сүмийн үйл ажиллагаа болон өөрсдийн идэвхтэй оролцоогоороо дамжуулан авч чаддаг болох нь бодит үр дүн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хүн юунд итгэдгээ мэддэг, түүнийгээ илэрхийлж чаддаг, итгэдэг үнэт зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлдэг болох нь итгэгч хүний хувьд бодит үр дүн юм. Ийм боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах нь Монголын Адвентист Чуулганд ажиллаж буй бүх ажилчдын үүрэг гэж харж байна.
- Хувийн үйлчлэл ба Адвентист миссион ажлыг нэг зорилгод уялдуулахдаа юунд хамгийн их анхаарч байна вэ?
М.Нямсүрэн: Адвентист миссион нь шинэ цуглаан үүсгэх үйл ажиллагаа гэдгийг өмнө дурдсан. Үүнд итгэгч хүний хувийн үйлчлэл чухал уялдаатай. Сүмийн гишүүн болохдоо бид сүмийнхээ үйл ажиллагааг өөрсдийн боломж бололцоо, цаг зав, хүч чадлаараа дэмжин оролцохоо илэрхийлдэг. Итгэгчид маань Бурханд яагаад итгэдгээ бусдад хуваалцаж чаддаг, авралыг хүлээн авсан хүн гэдэгтээ итгэлтэй байж, бусдын амьдралд тус хүргэх чадвартайгаар сайн дурын үйлчлэлд оролцох нь энэ уялдааны нэг илэрхийлэл юм. Баярт мэдээг түгээх ажилд идэвхтэй оролцохыг ахан дүүсээсээ хүсье.
- Энгийн итгэгчдийг миссион ажилд идэвхтэй оролцуулах чиглэлээр ямар арга хэмжээ, ажлуудыг төлөвлөсөн бэ?
М.Нямсүрэн: Үүрэг ажил аваад удаагүй байгаа тул нарийвчилсан хөтөлбөр, хуваарийг бүрэн гаргаж амжаагүй байна. Харин ахлагчид болон пасторууд өөрсдийн сүмийн баярт мэдээ түгээх үйл ажиллагааг төлөвлөж эхэлсэн. 1 дүгээр сарын 30-ны дотор сүм, цуглаан бүрийн баярт мэдээний үйл ажиллагааны төлөвлөгөөг хүлээн авч, онцлох ажлуудыг нэгтгэн зарлаж, сайн дурын оролцоо болон холбогдох мэдээллийг цаг тухай бүрт нь хүргэж ажиллана. Юуны өмнө Монголын Адвентист Чуулганы албан ёсны мэдээлэл хүргэдэг пэйжийг идэвхтэй дагахыг хүсье. https://www.facebook.com/MongolMission
- Ярилцлагын төгсгөлд гишүүддээ хандаж юу гэж хэлэх вэ ?
М.Нямсүрэн: Та бүхэндээ Эзэн Бурханы ивээл ерөөлийг хүсэн ерөөж, итгэл тань батжиж, үйлс тань амжилттай биелж яваасай гэж чин сэтгэлээсээ хүсье.
- Таны санаа, итгэл үнэмшил, зүтгэл нь цаашид олон хүний амьдралд гэрэл гэгээ, урам зориг түгээх ажлын эхлэл байгаасай гэж хүсэж байна. Баярлалаа.
Ярилцсан: Ц.Хишигжаргал
Харилцаа холбооны хэлтэс 2026.01.06


