“ЗУЛ САРЫН БАЯРЫН УТГА УЧИР”

“ЗУЛ САРЫН БАЯРЫН УТГА УЧИР”

2026-01-07 07:22:55
Үйл ажиллагаа

МАЧ-наас зохион байгуулсан Зул сарын баярын нэгдсэн арга хэмжээ итгэл, хайр, талархлаар дүүрэн эхэлсэн юм. Улаанбаатар хотын нийт сүмүүдийн итгэгч ахан дүүс нэгэн сэтгэл, нэгэн зорилго дор цугларч, Бурханыг магтан дуулж, Аврагч мэндэлсний жинхэнэ утга учрыг санан дурслаа.

Даруухан тэвшнээс эхэлсэн түүний амьдрал аврал, уучлал, найдварын замыг нээж, харанхуйн ертөнцөд гэрэл асаасан билээ. Түүний амьдрал, сургаал, золиослол нь өнөөдөр ч биднийг хайраар амьдрах, итгэлээр урагшлахад дуудсаар байгааг МАЧ-ны Ерөнхийлөгч Б.Болд бидэнд сануулсан юм.

Зул сарын баярын энэ үдэш бидэнд Бразил улсаас гэр бүлийн хамт, мөн Филлипин улсын AIIAS-д суралцаж буй Монгол оюутнуудын чин сэтгэлийн мэндчилгээнүүд нь бидний зүрхэнд гэрэл цацрууллаа. Тэдний үгс нь зөвхөн мэндчилгээ биш, харин мэдлэгийн эрэл, хичээл зүтгэл, ирээдүйд бэлтгэх эрмэлзлийн гэрэл болсон юм.

Итгэгч залуусын жүжигчилсэн хэсгүүд нь бодит амьдралтай холбогдсон, сэтгэлд хоногшин үлдэхүйц уран найруулгатай байлаа. Тэдний дүрсэлсэн үйл явдал, утга учир нь үзэгчдийг гүнзгий бодол, ухааралд хөтөлж, Есүс Христийн мөнхийн гэрэл бидний амьдралд хэрхэн цацарч байгааг сануулсан юм.

Та бүхний өгөөмөр сэтгэлийн үрээр зохион байгуулсан нэгэн арга хэмжээ бол “Хайр түгээе” хөтөлбөр билээ. Тус хөтөлбөр нь нийтэд тустай үйлчлэл бөгөөд цаашлаад хайр халамж дутсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст, ахмад настнууд болон өнчин хүүхдүүдийн зүрх сэтгэлд гэрэл түгээсэн арга хэмжээ юм.

Энэ арга хэмжээ нь зөвхөн тусламж бус, хайр, халамж, урам зоригийг түгээх нэгэн гэгээн аялал болсон талаар “Хайр түгээе” хөтөлбөрийн санаачлагч Ж.Пүрэвдулам танилцуулсан юм. Тэрээр “Та бүхний өгөөмөр сэтгэл нь бусдад итгэл найдвар, дулаан сэтгэл, баяр хөөрийг өгч, тусламж хэрэгтэй нэгэнд амьдралын үнэ цэнийг мэдрүүлж сэтгэлд хоногшсон мөчүүдийг бүтээдэг. Тиймээс энэ аянд нэгдэж бусдад хайр түгээгээрэй” хэмээн тэрээр уриалсан юм.

Зул сарын баярын хамгийн нандин мөч нь Номлолын цаг байлаа. М.Нямсүрэн пастор итгэгч ахан дүүстээ номлол тавьж, Бетлехемийн нам гүм, малын тэвшинд амар тайван байдалд төрсөн Есүс Христийн эгэл даруухан мэндэлсэн түүхийг хуваалцлаа.

Пастор номлолдоо “Христийн мэндэлсэн түүх нь бүх зүйлийн эхлэл, төгсгөлгүй оршин буй мөнхийн хүч бөгөөд бидний амьдралд гэрэл, итгэл, хайр түгээдэг” гэдгийг онцлон хуваалцсан юм. Мөн тэрээр цааш Есүсийн түүхийг бид мартах учиргүй. Тэр бол зөвхөн нэгэн цаг үеийн түүх бус, амьдралд гэрэл түгээдэг мөнхийн үнэн, итгэл найдварын эхлэл билээ.

Энэ түүх нь бидний амьдралд ухаарал, зам заасан гэрэл мэт, эгэл мөртлөө төгсгөлгүй үнэ цэнэтэй билээ. Бид үүнийг мартаж болохгүй, учир нь энэ нь зөвхөн өнгөрсөн үеийн түүх бус, өнөөдрийн бидний амьдралд гэрэл, итгэл, амар амгаланг түгээж буй мөнхийн үнэн хэмээн онцоллоо.

Зул сарын баярын түүхийг уншиж, судалж, эрхэмлэдэг байгаасай хэмээн тэрээр номлолынхоо төгсгөлд бидэнд сануулав. Та бүхэн Шинэ гэрээний эхний ном болох Матай номын 1,2-р бүлгийг цаашлаад Лук номын 1,2-р бүлгийг уншиж судлаасай хэмээн хүсч байна.

Ийнхүү нэгэн дээвэр дор бидний зүрх сэтгэлд гэрэл, хайр, итгэл, баяр хөөрийг түгээсэн энэ мөч нь амьдралд хоногшин үлдэх дурсамж, ухаарал, мөнхийн үнэ цэнийг бидэнд сануулсан мөч болон үлдлээ.

Зул сарын баярын төгсгөлд бэлэг солилцох мөчийг энд дурдахгүй байхын аргагүй. Хүн бүхэн чин сэтгэлийн угаас бэлдэн авчирсан бэлгээ хуваалцсан нь тус арга хэмжээний чимэг гэлтэй.

Та бүхэнтэй Христийн гэрэл, мөнхийн итгэл, хайр үргэлж хамт байг. Бурхан та бүхнийг ивээх болтугай.

Нийтлэл бичсэн. Ц.Хишигжаргал

“ЗУЛ САРЫН БАЯРЫН УТГА УЧИР”“ЗУЛ САРЫН БАЯРЫН УТГА УЧИР”