Шинэ он эхэлж буйтай холбогдуулан Харилцаа холбооны хэлтсийн зүгээс МАЧ-ны Ерөнхийлөгч Б.Болдтой уулзаж, ярилцлаа.
- Сайн байна уу. Танд шинэ оны мэнд хүргэе. Бидний хүсэлтийг авч ярилцах цаг зав гаргасанд баярлалаа. Юуны өмнө Монголын Адвентист Чуулганы Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе. Та өөрийгөө товч танилцуулна уу? /Шинэ гишүүдэд/
Б.Болд : Баярлалаа та бүхэндээ. Энэхүү ярилцлагыг хүлээн авч буй итгэгч ахан дүүстээ ирж буй шинэ он итгэл найдвар, амар амгаланг авчрах болтугай хэмээн ерөөе. Намайг Б.Болд гэдэг. Би итгэлийн энэ ариун замд 32 дахь жилдээ алхаж, түүний 30 жилийг нь сүм ахлан удирдах хариуцлагатай үйл хэрэгт зориулж ирлээ.
Эзэнд өөрийгөө талархалтайгаар даатган та бүхний итгэл, найдварыг тээж, хамтын хүчээр Бурханы хаанчлалыг Монгол ахан дүүсээр тэлэх эрхэм үүргийг хэрэгжүүлэхээр энэхүү албыг хүлээн авлаа. Би айлын бага хүү, манайх 5 хүүхэдтэй айл. Аав маань малын их эмч, ээж маань зоотехникч мэргэжилтэй юм. Хүүхэд байхдаа бид сүмд явдаггүй, шашингүйгээр өссөн ч далд сэтгэлдээ “Бурхан гэж байдаг болов уу?” гэж боддог байсан. Өсвөр насанд аав маань хүндээр өвдөж нас барах үед би их олон асуулттай үлдсэн. Бага залуугаасаа амьдралын талаар, хүний амьдралын утга учир нь юунд оршдог юм бол гэсэн бодол их бодогддог байлаа.
Ийнхүү 18 насандаа сүмд анх хөл тавьж, 19 насандаа Эзэний дуудлагыг хүлээн авч, сайн дураар сүмийг удирдах хүндэт үүргийг хүлээн пастороор ажиллаж эхэлсэн билээ.
Эхэндээ би өөртөө итгэлгүй, хэт ахадсан үүрэг хариуцаж байгаа мэт санагдаж байсан боловч сүмийн ахан дүүсийн дэмжлэг, урамшууллаар ийнхүү сүмийн амьдралд хөл тавин ажиллаж ирсэн билээ. Энэ тухай ярих юм бол их урт түүх болох байх.
Монголын Адвентист Чуулганд пастор, үйлчлэлийн ажилд зүрх сэтгэлээ зориулаад олон жил өнгөрсөн хэдий ч сурах, хийх зүйл их байгаа мэдрэмж улам тэлсээр байна. Би амьдралдаа “Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно. Өөрийнхөө нүдний өмнө бүү мэргэн бай. ЭЗЭНээс эмээж, хорон муугаас эргэ. Энэ нь ясанд чинь шим тэжээл, биед чинь амин дэм болно. Бүх бүтээгдэхүүнийхээ дээжээр болон эд хөрөнгөөрөө ЭЗЭНийг дээдэл. Тэгвэл агуулах чинь пиг дүүрч, Торхнууд чинь шинэ дарсаар бялхана. Хүү минь, ЭЗЭНий сахилгажуулалтыг бүү дургүйц, зэмлэлийг нь бүү огоор. Учир нь хүүгээ таалдаг эцэг хүний адил ЭЗЭН хайрладаг хүнээ зэмлэдэг юм шүү.” (Сургаалт үгс 3:5–12) гэсэн сургамжуудыг амьдралаараа мэдэрсээр яваа.
-2026 онд Монголын Адвентист Чуулганы Ерөнхийлөгчөөр томилогдож хариуцлагатай албыг хүлээн авлаа. Таны баримтлах гол алсын хараа, зорилго юу вэ?
Б.Болд : Библид сүмийг олон эд эрхтнээс бүтсэн бие гэж нэрийдэхээс гадна мөн гэр бүл гэж хэлсэн байдаг. Иймээс, үзэл санаагаар, ялангуяа амьдралаа хэрхэн удирдаж, юун дээр анхаарах, хаашаа чиглэх, юу хийх вэ гэдэг дээрээ нэгдэж байж энэ бие, гэр бүл амжилттай байна гэж би итгэдэг. Сүм бол сэтгэл зүрх, үзэл бодлоороо нэгдсэн сайн дурын гишүүдийн цуглардаг газар. Тэгэхээр би ийм алсын хараа, мөрөөдөлтэй байна гэж хэлэхээс илүүтэй бидний алсын хараа гэж ярьмаар байгаа юм. Тэгэхээр, шинэ удирдлага нээлттэй, хүн бүрийн үзэл санаа, хүсэл мөрөөдлийг сонсдог, анхаардаг, үйлчлэх хүсэлтэй хүмүүст боломж олгохыг хичээдэг байхаар зорьж байгаа. “Хүн нэг бүр Христтэй холбогдож, Чуулган хүн бүрийг Христийн төлөө хөдөлгөөнд нэгтгэхэд тус үзүүлэх үүрэгтэй газар юм.” Тэгэхээр бидний зорилго бол хамтын хүчийг ашиглах, багаар үйлчлэх буюу гишүүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх алсын харааг барьж ажиллаж байна.
Бид сүмд буй асар их нөөц, боломж, чадвар, мэдлэгийг цөөн хүний эрх мэдэлд даатгах ёсгүй хэмээн итгэдэг. Иймээс олон жил уламжлагдан ирсэн, өнөөгийн амьдрал, нийгэмд бүрэн нийцэхээ больсон арга барил, үзэл бодлоосоо салж, бүтээлч Бурханыхаа ариун санаа, бүтээлч эрч хүчээр бүтээлчээр хандахыг зорьж байна.
Бид Эзэний тушаалыг санаж явах хэрэгтэй. Тэрээр : “Есүс ойртон ирээд, тэдэнд
- Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно.” (Матай 28:18- 20) гэж хэлсэн нь зөвхөн цалин авдаг ажилчид биш харин бүх сүмийн гишүүн бүрийн үүрэг юм. Энэ тушаалыг бид зөвхөн Бурханы үгийг дамжуулах, сайн мэдээ түгээх, номлол хийх биш нийгэмд тус дэм болохуйц нөлөөтэй амьдралын хэв маяг, бүтээлч, урам зоригийг мэдрүүлдэг гишүүн байх дуудлага гэж харах хэрэгтэй. Бид 2026 онд сайтар бэлтгэгдсэн, өөрсдийгөө хөгжүүлдэг, урам зоригтой гишүүн бүрийг нийгэмд гэрэл болгоход анхаарсан стратегийг баримтална.
-Чуулган цаашид ямар бодлого барьж ажиллах вэ?
Б.Болд : Бидний бодлогын үндэс бид нараас биш харин Библи дээр үндэслэсэн байх ёстой. Бид үнэхээр Библийн үгсийг зөв ойлгож, зөв хэрэгжүүлэх юм бол бидний амьдрал хүссэн хүсээгүй олны өмнө гэрчлэл болон харагдах юм. Ийм гэрчлэлийг нуувч, даравч ил гарсаар байх болно. Адвентист Чуулган бол гишүүн төвтэй чуулган юм. Энэ нь хүмүүсийг хөгжүүлж, үйлчлэлд оролцуулж, чадвар, мэдлэг, мэдлэгийг нь өсгөх байдлаар гишүүн бүрийг гэр бүл, найз нөхөд, нийгэмд бодит амьдралтай итгэлээр үлгэрлэдэг, зааж зөвлөдөг болгохыг зорьж байна.
Пастор + гишүүдийн хамтын хөдөлгөөнийг эхлүүлэх – сүмд тулгардаг хамгийн том бэрхшээл бол пасторт бүх зүйлээ даатгаад гишүүд идэвхигүйгээр, оролцоогүйгээр сүмдээ хамрагдах гэж хичээж байгаагаас бидний хамгийн том асуудал бэрхшээл үүсээд байгаа юм. Тэгэхээр “зөвхөн пастор биш, бүх итгэгчид Бурханд болон хүмүүст үйлчилнэ” гэсэн уриалгаар урагшилна.
Нийгэмд нөлөөтэй, чухал үүрэгтэй, хариуцлагатай чуулган болох – Адвенистчууд бид зөвхөн үгээр бус харин амьдралаараа гайхамшигтай гэрчлэлүүдийг бүтээсээр ирсэн сүм билээ. Тиймээс бид гэр бүл, боловсрол, эрүүл мэндийн салбарт бодит хувь нэмэр оруулахаар ажиллах ёстой, бидний итгэл ярьж, зааж байгаа үзэл санаа гэхээс илүүтэй бидний амьдрал, хийж байгаа ажил, нийгэмд нөлөөлж байгаа нөлөөллөөр харагдах ёстой гэж үзэж байна. Библид “Та нар бол газрын давс. Хэрэв давс амтаа алдвал дахиад яаж давслаг болгох вэ? Энэ нь гадагшаа хаягдаж, хүмүүсийн хөл доор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болдоггүй. Та нар бол дэлхийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна. Хүмүүс дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.” (Матай 5:13–16) гэж заасан байдаг.
-Монголын нийгэмд Адвентист чуулганы оролцоо, нөлөөг нэмэгдүүлэхэд ямар ажлууд 2026 онд хэрэгжих вэ?
Б.Болд : Бид нийгэмд нөлөөлж болохуйц бүх төрлийн үйлчлэлийг хийж гүйцэтгэх хэрэгтэй. Зарим сүмүүд болон хүмүүс албан тушаал, мөнгө төсөв, дэмжлэг өгөх юм бол хөдөлнө, үгүй бол үйлчлэл хийх цаг зав алга гэсэн байдалтай байна. Энэ бол Элч нарын Үйлс номон дээрх хэлбэр, загвар биш юм. Харин Ариун Сүнсээр удирдуулсан хүн бүрт Ариун Сүнс хүсэл эрмэлзэл, хүч чадлыг өгдөг билээ. Тиймээс бид эрүүл амьдралын хөдөлгөөнийг сургалт, зөвлөгөө, өрхийн эрүүл мэндийг дэмжих олон төрлийн ажлуудаар хийж гүйцэтгэхийг хүсэж байна. Хүний биеийн хэрэгцээнд үйлчилснээр бид зүрх сэтгэлд нь үнэний үрийг суулгах боломжтой. Гэхдээ бид хүмүүсийг хэт тусламж, дэмжлэгээс хараат болгохоос болгоомжлон үйлчлэлээ хийх хэрэгтэй, эс бөгөөс бидний тус, тус биш ус болж, хүмүүсийн амьдралыг хөгжүүлж, сайжруулахгүй болно. Ийм үйлчлэлийн эцсийн үр дүн нь амжилтгүй болж, нурж унах болно.
Хоёр дахь анхаарах зүйл бол гэр бүл ба хүүхэд залуучуудын ажил юм. Өнөөгийн нийгэмд болон сүмийн гишүүдийн дунд гэр бүлийн үнэ цэнэ алдагдсаар байх юм бол нийгэм бүхэлдээ асуудал бэрхшээлээр дүүрэн, гэм нүглийг ялан дийлэх бус харин гэм нүгэлдээ дарлуулсан хувь хүн, гэр бүл, нийгэм үүсэн бий болно. Өнөөгийн нийгэмд тулгараад буй гэр бүл салалт, ганцаардал, донтолт зэрэг сорилтод бид бодит дэмжлэг, тусламж үзүүлэх хэрэгтэй байна.
Гурав дахь бидний анхааран ажиллах төлөвлөгөө бол, нийгэмд нөлөөлдөг, үнэний гэрлийг бодит амьдралаар харуулдаг төвүүдийг сүм бүр дээр түшиглэн үүсгэн байгуулах хэрэгцээ байна. Үүнийг бид Нөлөөллийн Төв буюу Center of Influence гэж нэрлэдэг. Сүм болгон нийгэмд нөлөөлөх төв байх ёстой, энэ нь бидний байр байшин, үйл ажиллагаа итгэгч бай, итгэгч биш ч бай бүх хүмүүст нээлттэй, дэмжлэг тусламж үзүүлдэг төвүүд байх ёстой.
Энэ бүх үйл хэрэг, үйлчлэл, хөтөлбөрүүдийг бид сайн дурын хүчээр хийж сурах хэрэгтэй. Библид авахаас илүү өгөх нь ерөөлтэй байдаг гэдэг зарчмын дагуу итгэгч бүрд нийгэмд үйлчилснээр сэтгэл санаа, аж амьдралын хувьд хөгжин цэцэглэсэн байхыг хүсэн ажиллаж байна. “Хайрт хүмүүс ээ, сэтгэлийн чинь эсрэг дайн хийдэг махан биеийн хүсэл тачаалуудыг цээрлэхийг харь хүмүүс болон түр хугацаагаар байгч та нараас би гуйя. Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг хорон мууг үйлдэгчид хэмээн гүтгэвч, эцэст нь та нарын сайн үйлсийг хараад Түүнийг ирэх өдөр Бурханыг алдаршуулах болно. Эзэний төлөө өөрсдийгөө хүний бий болгосон аливаа бүтцэд захируул. Эрх мэдэл бүхий нэгэн болох хаанд ч юмуу эсвэл зөвийг үйлдэгчдийг магтаж, мууг үйлдэгчдийг шийтгэхийн тулд түүний илгээсэн захирагчдад ч захируул. Сайныг үйлдсэнээрээ та нар мунхаг хүмүүсийн мэдлэггүй байдлыг дуугүй болгох нь Бурханы хүсэл юм. Чөлөөт хүн мэт үйлд. Эрх чөлөөгөө муу муухайг далдлах халхавч болгон бүү ашигла, харин Бурханы зарц мэт үйлд. Бүх хүнийг хүндэл. Ахан дүүсийн барилдлагааг хайрла. Бурханаас эмээ. Хааныг хүндэл.” (1 Петр 2:11- 17)
- Сайн мэдээ түгээхэд 2026 онд хэрхэн илүү үр дүнтэй ажиллах вэ?
Б.Болд : Өнгөрсөн жил Теологийн хичээл зааж байхад зочин багш оюутнуудаас олон асуулт дарааллуулан асуусны эцэст та бүхэн олон нийтийн баярын мэдээнд хэт ач холбогдол өгснөөс болж нийгмээсээ холдож хөндийрсөн, хувь хүний нөлөөлөл байхгүй, манай сүмд л гоё хөтөлбөр бий гэсэн байдлаар ажиллаж байгаа юм шиг санагдаж байна. Сайн мэдээ бол хувийн үйлчлэлээр буюу найз нөхөд, гэр бүлдээ нөлөөлөх байдлаар л хамгийн шилдгээр явагддаг шүү гэж сануулж билээ. Бид үнэхээр төсөвтэй, бэлдсэн хөтөлбөртэй, гадаад багаар сайн мэдээний ажлаа хийсээр байгаа өгөгчид биш авагчид болж хувирсан учраас ерөөгдөхгүй байгаа мэт. Тиймээс бид хувийн үйлчлэл, хувийн нөлөөллийг сайжруулах шаардлагатай байна. Бурхан бол шударга Бурхан тэрээр хэнийг ч хийгээгүй үйлсээр нь шагнаж, хэний ч хийсэн үйлсийг нь гар хоосон үлдээдэггүй Бурхан билээ. Тиймээс бид хувийн үйлчлэлээр дамжуулан гэр бүлийн үйлчлэл, сайн мэдээ байдлаар хийж гүйцэтгэдэг болмоор байна. Бид мөн хүн амын ихэнх нь өдрийн ихэнх цагаа өнгөрөөж байгаа онлайн болон медиа орчинд үзэл сургаал, Библийн үнэн, номлолуудаа байршуулж, нийгэмд хэрэгтэй мэдлэгийг олгох байдлаар үйлчлэхийг уриалах болно.
Тэгэхээр “гишүүн бүр нэг дагалдагч бэлтгэх” жилийн уриаг бодитоор хэрхэн хэрэгжүүлэх дээр ажиллана гэсэн үг. Та олон мянган хүн биш юмаа гэхэд ядаж жилдээ нэг ч болов хүний амьдралд өөрчлөлт гаргаач гэж уриалж байна. Бид мөн Библи болон амьдрал хоёрыг хослуулсан доголон биш харин хоёр хөл дээрээ зогсож, гүйж буй Чуулган болохыг хүсэж байна. Энэ нь зөвхөн онол биш, амьдралд нийцсэн итгэл бишрэлээ цогцлуулна гэсэн үг. Би Исаиа 55:8-11 дээрх “Учир нь Миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш. Миний зам нь та нарын замаас өөр” гэж ЭЗЭН айлдаж байна. Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ. Бороо, цас тэнгэрээс бууж ирээд, газрыг услахгүйгээр буцдаггүй шиг, (харин газрыг ургуулж цэцэглүүлж, тариачинд үрийг, идэгчид талхыг нь хангадаг.) Миний амнаас гарсан Миний үг хүслийг минь гүйцэтгэхгүйгээр, илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлэхгүйгээр Над уруу хоосон буцаж ирэхгүй” гэсэн үгэнд итгэдэг.
-2026 онд Монголын Адвентист Чуулганд тулгарч болзошгүй сорилт юу гэж харж байна вэ, түүнд хэрхэн бэлтгэж байна вэ?
Б.Болд : Хүн хүчээ бэлтгэхгүйгээр бид ямарч гайхамшигтай төлөвлөгөө, зорилго тавиад нэмэргүй. Бид пастор, ажилтан, сайн дурынхныг шат дараатайгаар сургах хэрэгцээтэй байгаа, гэхдээ үүнийг бид сайн багш, номлогчийн тусламжтайгаар биш харин гишүүдийн оролцоо, үйлчлэлд хамруулах байдлаар хэрэгжүүлэх болно. Тэгэхээр бидний хамгийн том сорилт бол бид өөрсдөө байгаа юм. Бид итгэлтэй, урам зоригтой байж чадах уу? гэдгээс маш их зүйл шалтгаална. Египетээс гарсан түүх бол үүнийг хамгийн тод жишээ.
Дараагийн бидний өмнө тулгарч буй сорилт бол нийгмийн зан төлөв, үзэл санааны өөрчлөлт ба итгэл үнэмшилтэй холбоотой сорилтууд байгаа юм. Хэрэв бид асуудлыг боломж гэж харж сурах юм бол бид урам зоригтой, итгэлтэй болно тиймээс гишүүдийн сэтгэн бодох, хүсэж мөрөөдөх, зориглон ямар нэгэн үйлдэл хийх тал дээр гарч буй сорилтуудыг бид сүм, Чуулганы хувьд сорилт гэж үзэж, даван гарахаар ажиллах хэрэгтэй.
Эдийн засгийн болон мөнгө санхүүгийн хүндрэл бол дараагийн нэг сорилт юм. Бурхан биднийг хангасаар ирсэн, гэхдээ бид хангадаг юм чинь гээд нөөц боломжуудаа сайжруулахгүй, хичээхгүй бол бид өдөржин, шөнөжин залбирлаа гээд Бурхан тэнгэрээс мөнгө санхүүг цутгахгүй. Бурхан бидэнд ашиглаж болох, үржүүлж болох хөрс, хур бороо, үрийг аль хэдийн их хэмжээгээр өгчихсөн байгаа, тэдгээрийг бид олж харж чадаж байна уу? ашиглаж чадаж байна уу? гэдгээс л бид сорилтыг боломж болгож чадах уу гэдэг шалтгаалах юм. Дахиад хэлэхэд бид гишүүдийн оролцоог нэмэгдүүлж, хүн бүрийн хувь нэмрийг нэмэгдүүлснээр гайхамшигтай гэрчлэлүүдтэй болох болно. Давид хаан сорилттой үедээ “ЭЗЭН бол миний хоньчин, Надад дутах зүйл нэг ч үгүй. Тэр намайг ногоон бэлчээрт хэвтүүлж, Дөлгөөн усны дэргэдүүр хөтөлдөг. Тэр миний сэтгэлийг сэргээдэг. Тэр Өөрийнхөө нэрийн төлөө зөвийн замаар намайг хөтөлдөг.” (Дуулал 23:1-3) гэж дуулж байсан юм.
-Нийт итгэгчиддээ хэлэх таны гол захиас юу вэ?
Б.Болд : Эзэний ажил бол бидний амьдралдаа зайлшгүй хийх ёстой ажил. Энэ үйлчлэл, ажид оролцоогүй хүн амьдралын утга учир, аз жаргал, амжилтыг хэзээ ч мэдэрч чадахгүй. Үйлчлэл бол хүний амьдралыг хамгийн аз жаргалтай болгодог гайхамшигтай бэлэг юм. Гэрлээ асаадаг, мөн гэрлээ түгээдэг байцгаая, бид Дахин Ирэлтэд бэлтгэж буй хөдөлгөөнд хамрагдсан хүмүүс бид гараа хумхиж биш харин гараа ажиллуулах үүрэгтэй хүмүүс шүү.
“Ариун Сүнсээр удирдуулаагүй стратеги бол зүгээр л нэг байдаг л төлөвлөгөө, харин залбирлаар урагшилж, хичээн ажиллаж буй гишүүд, сүм, чуулган бол Эзэний хүчний илэрхийлэл, энэ улс оронд Бурханы харуулж буй хамгийн том гэрчлэл юм.” Бурхан бид нараар дамжуулан Өөрийн хайр энэрэл, нигүүлсэл, хүч чадлаа гэрчлэн харуулахыг хүсэж байна. Бид бол Түүний биеийг бүрдүүлэгч эд эсүүд юм.
Та бүхэн зүүн гараараа итгэл найдвараа атгаад, баруун гараараа ажил үйлсдээ зориулах юм бол, хүн нэг бүрийг Христ хөтлөн гайхамшгуудыг үзүүлэх болно.
-Баярлалаа танд. Ярилцлагын төгсгөлд итгэлийн ахан дүүстээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлнэ үү ?
Б.Болд : Эзэний амар амгалан та бүгдийн зүрх сэтгэлд оршиг. 2026 онд бид нэгэн зүрх сэтгэлээр, нэгэн зорилгоор, нэгэн гэр бүл болон урагшилна гэж итгэж найдаж байна. “Надад өгөгдсөн Бурханы нигүүлслийн дагуу би ухаалаг тэргүүн барилгачин мэт суурийг тавьсан бөгөөд харин өөр хүн түүн дээр барьж байна. Гэхдээ түүн дээр яаж барихаа хүн бүр анхаарагтун. Учир нь тавигдсан ганц суурь болох Есүс Христээс өөр суурийг хэн ч тавьж чадахгүй. Хэрэв хэн нэгэн хүн энэ суурин дээр алт, мөнгө, эрдэнийн чулуу, мод, өвс болон сүрлээр баривал, ажил болгон нь илэрхий болно. Учир нь мөнөөх өдөр үүнийг харуулна. Яагаад гэвэл энэ нь галаар илэрхий болгогдох бөгөөд гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно. Хэрэв хэн нэгний үүн дээр барьсан ажил нь үлдвэл тэр хүн шагналаа хүлээн авна. Хэрэв хэн нэгний ажил шатвал тэр хүн хохирол амсана. Тэр өөрөө гал дундуур гарсан мэт боловч аврагдана.” (1Коринт 3:10-15) Та нарын төлөө залбирч, хамтран зүтгэхдээ баяртай байна. Бурхан та бүхнийг өргөж, гэрэлтүүлж, зүй зохистойгоор ашиглах болтугай.
Харилцаа холбооны хэлтэс 2026 он
Ярилцсан: Ц.Хишигжаргал

