АДВЕНТИЗМ МОНГОЛД
Хүмүүсийн Тухайд
Монгол нь өргөн уудам нутаг хийгээд хүчирхэг хүмүүстэй гэдгээрээ эртнээс танигдсан орон билээ. Түүхэндээ Монголын удирдагчид дэлхийн хамгийн том гүрэн болох Солонгосоос Польш хүртэлх газар нутгийг захирч байсан. Энэ алтан үеэс хойш Монголд олон өөрчлөлтүүд тохиосон. АFM (Adventism Frontier Missions) байгууллагын Адвентист миссионерүүд энэ улсад ажиллаж эхлэхийн өмнөхөн бас нэгэн өөрчлөлт болсон юм. Тухайн үед Монгол руу нэвтрэн орж, амьдрах нь маш хэцүү байсан. Учир нь улс төрийн том өөрчлөлт явагдаж байсан билээ. Монгол улс 1924 оноос хойш Оростой нягт холбоотой коммунизмын дэглэм дор байсан юм. Зөвлөлт Холбоот Улс задрахад Оросууд Монголоос гарч, ардаа эмх замбраагүй үймээн самууныг үлдээсэн. Улс төрийн эргэлзээнээс гадна Монголчууд бас сүнслэг эргэлзээнд орсон билээ. Коммунизмын үед ямар ч төрлийн шашин хуулиар хориотой байв. Харин коммунизм нурсаны дараа хүмүүс шашныг нээлттэйгээр эрэлхийлж эхэлсэн.
Миссионерийн Төслийн Тухайд
Анх 1990 онд AFM-ийн миссионерүүд болох Брэд, Кати Жолли нар энэ оронд ирэх үед, Монгол даяар ердөө арав хүрэхгүй Христэд итгэгчид байсан ба Адвентистууд огт байхгүй байв, гэхдээ Бурханыг эрэлхийлэх цангаа маш их байв. Энэ цангаа 15 жилийн дараа хэвээр байх болов уу? Маш их золиос гарган эхлүүлсэн Брэд, Кати нарын энэ сүм өссөөр байгаа болов уу? AFM-ийн ажил дууссаны дараа миссионерүүдийн эхлүүлсэн ажил юу болсон бэ?
Кати, Брэд хоёр Бурханы удирдамжийг даган Улаанбаатарын тоостой гудамжинд амьдарч, ажилласан. Тэдний өнгөрүүлсэн эхний хэдэн жил үнэхээр хэцүү байв. Улс төрийн хямрал болон тогтворгүй байдал нь хоол хүнс болон эрх мэдлийн хомсдолыг бий болгосон. Энэхүү бие махбодийн хүндрэлээс гадна Жоллигийн гэр бүл хэл сурах бэрхшээлтэй тулгарчээ. Тэдэнд Монгол хэлээр заах материал хангалтгүй байлаа. Шинэ Гэрээг Монгол хэлэнд хөрвүүлсэн байсан боловч орчуулга нь дутагдалтай байв. Сүмийг амжилттай босгон байгуулж, сүм тарих ажлыг үргэлжлүүлэх итгэгч нарыг бэлдэхийн тулд өөрсдийн орчуулгын ажлыг хийх хэрэгтэй гэдгийг тэд ойлгож байлаа.
Хэдэн арван жилийн туршид итгэгч нар огт байгаагүй Монгол улсад Брэд, Кати хоёр Адвентист сүм байгуулахаар зургаан жил хичээн ажилласан. Тэд нөхөрсөг баярын мэдээ, эрүүл мэндийн үйлчлэл, орчуулгын ажил болон удирдагч нарын сургалтаар дамжуулан Монголчуудын хамт ирээдүйн өсөлт хөгжлийн суурийг тавьсан юм. Брэдийн өвчний улмаас 1997 онд тэд нутаг буцах шаардлагатай болох үедээ нэг сүм байгуулсан байсан ба Бурханы ажлыг цааш авч явах хэд хэдэн удирдагчдыг сургасан байлаа. Брэд Америкийн Нэгдсэн Улсад байхдаа 1998 оны 9 сард өөд болох хүртлээ орчуулгын ажлаа үргэлжлүүлсээр байсан.
Брэд, Кати хоёрын Христ дээр авчирсан эхэн үеийн хүмүүсийн нэг нь Батсүхийн Болд юм. Өнөөдөр Болд нь Монголын анхны Адвентист ивээгдсэн пастор болсон. Буддын шашны лам болохоор сургагдсан байсан Болд эхэндээ эх оронд нь орж ирсэн Христийн шашинтнуудыг эсэргүүцдэг байв. Гэхдээ тэрээр Англи хэлний багш мэргэжлээр дээд сургуульд сурж байсан тул Англи хэлээр дадлага хийх хэрэгцээ байсан тул дүүгийнхээ явж байсан Христийн цуглаанд очиж болох уу хэмээн асуужээ. Дүү нь зөвшөөрч, тийнхүү тэр хоёр Жоллигийн гэр бүл амьдарч байсан орон сууц уруу явжээ.
“Би зөвхөн Англи хэлний л дадлага хийнэ. Тэр гадаадуудын ярьж байгаа зүйлийг нь сонсохгүй” хэмээн өөртөө хэлж байсныгаа Болд эргэн дурсдаг. “Түүнийг тэнд очиход өөрөөс нь гадна хорь гаруй хүмүүс байв. Тэдгээр хүмүүс маш баяр хөөртэй, нөхөрсөг байлаа. Цуглааны дараа, би дахин ирэхийг тэсэн ядан хүлээж байсан.”
Болд Англи хэлний дадлагаа аль хэдийн мартаж, харин олон зүйлийг асууж эхлэв. Тэрээр амьдралд нь маш ойр, хэрэгжүүлэхүйц сургаалиудыг олж мэдсэн юм. Тийнхүү тэрээр Брэдтэй Библи судалж, улмаар усан баталгаа хүртжээ. Брэд хэдэн жилийн туршид Болдыг удирдлагын ажилд чиглүүлэн сургасан. Брэдтэй нөхөрлөх нөхөрлөл болон шинээр олж авсан Есүс Христийг хайрлах хайр нь түүнд сайн мэдээг бусад хотуудад түгээх хүсэл зоригийг өгсөн.
1998 онд AFM байгууллага Монголын ажлыг Адвентист сүмд хүлээлгэн өгөх үед, Болд чуулганы шинэ удирдагч болох Дэйл Таннелаас өөр хот уруу явж сүм үүсгэх зөвшөөрлийг хүсэж эхлэв. Олон удаа хүссэний эцэст Дэйл түүнд явах зөвшөөрлийг дурамжхан өгчээ. Энэ үнэхээр хэцүү шийдвэр байв. Болд нь Улаанбаатар төв сүм болон чуулганы гол удирдагч байсан юм. Гэсэн хэдий ч, Бурхан Болдоор дамжуулан сайн мэдээг нийслэлээс өөр газарт түгээлгэхийг хүсэж байгаагаа Дэйлд тодорхой ойлгуулжээ.
Болд хойд зүг рүү унаагаар гурван цаг аялаад хүрэх, Оросын хилээс жар хүрэхгүй милийн зайд орших их, дээд сургуулийн хот болох Дарханыг зорив. Тэрээр Англи хэлний багшийн мэргэжлээ ашиглан орон нутгийн дээд сургуульд англи хэл зааж эхэлжээ. Удалгүй, хэсэг оюутнууд түүний гэрт Библи судалж эхлэв. Болд хэсэг бүлэг итгэгчдийг усан баталгаанд бэлэн болгоход удаан хугацаа өнгөрсөнгүй. Ийнхүү Дарханд анхны сүмийг үүсгэжээ. Хожим нь Болдын оюутнуудын нэг нь Дарханы нэг сүмийн пастор болсон юм.
AFM-ийн Монгол дахь Төсөл нь 1998 оны 1 сарын 9-ний өдөр Долоо дахь өдрийн Адвентист Сүмийн Хойд Ази Номхон Далайн Бүсийн нэг хэсэг болсон. Баяр хөөр хийгээд хүнд хэцүү цаг үеийг дамжин, Бурхан Брэд, Кати Жолли нарыг ашиглан өмнө нь Адвентист сүм нэвтрээгүй байсан энэ оронд бат суурийг тавиулсан. Тэдний эхлүүлсэн сүм амьдраад зогсохгүй өсөн хөгжиж өөр олон сүмүүдийг тарьсан. Өнөөдөр Монгол даяар 18 сүм байгаа бөгөөд Шаббат өдөр болгон 730 гаруй усан баталгаа хийлгэсэн гишүүд Бүтээгч Эзэнийг Кати болон Брэдийн зохиосон, орчуулсан дуунуудаар магтан алдаршуулж байна.
AFM-ийн эхлүүлсэн ажил Монголын Чуулганд ямар хувь нэмэр оруулсан талаар пастор Таннел ийнхүү хэлж байна, “ Брэд, Кати хоёр манай чуулганы гурван салбарт үнэхээр сайн суурийг тавьж өгсөн. Нэгдүгээрт, тэд удирдлагын салбарт суурийг тавьж өгсөн. Тэдний удирдагч болгохоор сонгосон хүмүүс өнөөдрийг хүртэл сүмийн гол хүмүүс байгаа. Хоёрдугаарт, тэд хэвлэлийн салбарт суурь тавьсан. Эцэст нь, пастор Таннелын хэлснээр, Монголын сүм өссөөр байгаа, учир нь сүмийн гишүүд Брэд, Катигийн заасан гэрийн грүппээр баярын мэдээ түгээх арга барилыг үргэлжлүүлэн ашигласаар байгаа.
AFM-ийн миссионерүүд явсны дараа сүмүүд нь бат суурьтай өсөн хөгжсөөр байхын тулд тэд амьдралынхаа олон жилийг зориулсан байдаг. Сүм байхгүй газар сүм үүсгэн байгуулж, тэгээд шинэ итгэгчдийг нутаг нэгтнүүддээ сайн мэдээг үргэлжлүүлэн тараахад сургах ажил амархан биш ээ, гэхдээ энэ ажил хийгдэх ёстой. Багаар бодоход 5000 бүлэг хүмүүст сайн мэдээ болон Дахин ирэлтийн мэдээ хүрээгүй билээ. Бид шаргуу байхгүй бол тэд хэрхэн сонсох билээ дээ? Бид явахгүй бол тэд хэрхэн мэдэх вэ дээ? Христийн мэдээ очоогүй хүмүүст энэ мэдээг хүргэж дуусгахад Бурхан таниас юу хийхийг хүсэж байгаагаа мэдүүлэхийг Түүнээс гуйгаарай.
Жич: Монголын Төсөл 1998 оны 1 сарын 9-ний өдөр Долоо дахь өдрийн Адвентист Сүмийн Хойд Ази Номхон Далайн Бүсийн мэдэлд очсон.
*Эх сурвалж: (http://www.afmonline.org/serve/detail/mongolian/overview)